ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

ТӨГСӨХ АНГИЙН БАГШ СУРАГЧДЫН АНХААРАЛД
2017 оны 02 сарын 01
Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотойгоор Хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол хэлбичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.
Элсэгчид Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох,сайжруулах зорилготойгоор Монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.
Шалгалтад бүртгүүлэхдээ:
• Цахим үнэмлэх
• Чээж зураг
• Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\
• И-мэйл хаяг \ Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны \http://esis.edu.mn/hr/login.html \ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.
МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмж орно.
Монгол хэлний тухай хуулийн 7.4–д заасны дагуу ЭЕШ-ын Монгол хэлний шалгалтын даалгаврын 4/1- ээс доошгүй хувь нь монгол бичгийн даалгавар байна.
Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх болсон. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
– Бүртгэлийн хуудас
– Суудлын хуваарь
– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
– Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлана.
Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар манай мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна.
Манайх үйл ажиллагаандаа БҮТ-ийн лавлах \CALL CENTER\ үйлчилгээг нэвтрүүллээ. Лавлах утас: 75779498
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

 

Posted in Зарлал, Зураг, Мэдээ, Сурагчдын зөвлөл, Эцэг эхийн зөвлөл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *